ДӨРГӨНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ

Баруун бүс нутагт Ховд аймгийн Дөргөн сумын нутаг Чонохарайхын голд баригдсан Дөргөний Усан Цахилгаан станц нь Хар-ус нуурын усны нөөц болон байгалийн тогтоцыг ашиглан баригдсан. Дөргөний Усан цахилгаан станцын усны нөөц болон хүчин чадлын судалгааг 1963-1991 оны хоорондох 29 жилийн гидрометр гидрологийн судалгаан дээр үндэслэн гаргасан байдаг. Усан цахилгаан станцын тэжээлийн үндсэн эх үүсвэр болох Ховд гол өөрөө холимог тэжээлтэй гол бөгөөд зуны хур бороо, хаврын шар усны үерээс гадна мөнх цас мөсөн голын ус тэжээлийн үндсэн эх үүсвэр болж өгдөг. Усны хангамшлын хувьд хангамшил хамгийн багатай сарууд нь 3-5 дугаар сарын хооронд байх ба 10 дугаар сарын дундаас эхлэн усны түвшин хамгийн их утгандаа хүрдэг.

Дөргөний Усан Цахилгаан станц нь 250 метр урт, 17,5 метр өндөр нэг төрлийн шороон далан барьж байгуулан усан сан үүсгэсэн байдаг. Далай нуураас Хар нуур хүртэл нийт 21 метрийн уналт үүсдэг бөгөөд эдгээрийн дийлэнх хувь нь буюу 14 метр нь Далай нуураас станцын барилга хүртэлх зайнд үүсдэг. Үйлдвэрлэлтийн процесс үндсэндээ 50 см-ийн хэлбэлзэл дунд явагдах бөгөөд тус усан цахилгаан станц нь хоногийн тохируулгатай учраас оргил ачааллын үед усны түвшин буурсан ч шөнийн бага ачааллын үед усны түвшингээ бүрэн нөхөх боломжтой байдаг нь ашиглалтанд орсон цагаас хойших ажиглалтаар батлагдсан. Усан сангийн талбайн хэмжээ далайн түвшинээс дээш 1159,5 метр байх үед 364,6 км2 байдаг. Усан санд үндсэндээ 3 төрлийн эзлэхүүнээс тогтоно. Үүнд:

  1. Усан сангийн хөдлөшгүй эзэлхүүн- 86,0 сая м3
  2. Усан сангийн ашигтай эзэлхүүн- 170 сая м3
  3. Усан сангийн бүрэн эзэлхүүн- 256,0 сая м3 болно.

Дөргөний усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлээр жилд дунджаар 38 сая кВтцаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр анхны проектонд тусгагдсан боловч байгаль цаг агаарын өөрчлөлт хур тунадасны хэмжээнээс хамааран жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ харилцан адилгүй байдаг. Олон жилийн судалгаа шинжилгээ тухайн жилийн хур тунадас зэргийг үндэслэн ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулан төлөвлөн ажиллаж байна.

Дөргөний Усан Цахилгаан станц нь дараах барилга байгууламжийн иж бүрдэлээс бүрдэнэ. Үүнд:

  • Ус дөхүүлэх суваг
  • Шороон далан
  • Станцын үндсэн барилга
  • Загас өнгөрүүлэх суваг
  • Ус хаях суваг
  • 20 тонн, 5 тонн даацтай бетонон гүүр
  • 6,3/110 кВ ил хуваарилах байгууламж
  • Механик цех
  • Захиргаа удирдлагын байр зэрэг болно.

Дөргөний усан цахилгаан станц нь ашиглалтанд орсон цагаас хойш үйлдвэрлэлт болон түгээлтийг жилийн 4 улиралд 24 цагийн турш тасралтгүй ханган ажиллаж байна.